гулгаж явах гутлын гарз ,гутарч явах сэтгэлийн гарз

2011-05-01
миний дааж төгсгөсөн ангиуд

Ангилал: шавьнартаа

1.1978 онд төгсөж ирээд даасан анхны анги бол 1978 оны 5а анги. Ангийн дарга Борисийн Энхбат. Сургуулийн тэргүүний хамт олон болж байсан. Монгол хэлний улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн. Ямар гоё бичдэг хүүхдүүд байсан гэж сананаа. Энхбат, Бат-Эрдэнэ, Отгонцэцэг, Мөнхтуул, Цогзолмоо гээд их сайн хүүхдүүд сурч байлаа. Бүгд хочтой. Лхамин багшийгаа элэг барьж чаддаг, юу хий гэнэ ягштал хийдэг анги хамт олон байсан.

2.1982 оны 10а анги хамт олон миний анхны 10-р анги. Мөн монгол хэлний улсын олимпиадад 2-р байр эзэлж байсан. Ангийн дарга Алтай. Мөн ч их чадалтай хүүхдүүд байсан шүү. Энэ ангиас М.Отгонбаяр, Б.Ганбаатар нар доктор болсон.Олон хүүхэд гадаадын хуваарь авч багш нь баярлаж байсан. Алтай, Энхзаяа. Отгонбаяр, Олонбаяр, Сэлэнгээ, Тэрбиш гээд тэргүүний сурагчид олон байсан.

3.1987 оны10 а ангийн хамт олон хамгийн чадалтай анги байсан. Хэрэг тарихдаа их мундаг, эцэг эхээ байнга дуудуулдаг, тэгсэн мөртөө оролцсон бүхэндээ тэргүүн байр эзэлдэг ангийнхан байлаа. Ангийн дарга Гомбын Уранчимэг. Энэ хамт олон дотор
Амарсайхан, Оюунчимэг, Номинбаяр, Нямбаатар, Энхцэцэг,  Баясгалан, Нарангэрэл , Сансар, Бадрах, Уранчимэг, Баяраанууд, Үнэнбатууд гээд хичнээн олон сайхан хүүхдүүд байсан гэж сананаа.  Одоо эд нар маань олон байгууллагыг удирдаж явна. Ногоо хураах ажлаар Гуулинд их сайхан явж байсан.

4.1990 оны 10з ангийнхан. Хоёр Баярсайхантай спортоор хичээллэдэг нилээд олон сурагчтай, Бэхсайхан, Алтайсайхан, Ганбаатар, Эрдэнэбат гэх мэт хэнэггүйхэн гаруудтай, кросс уралдаан, цасны баярт сайн оролцдог хамт олон байсан. Энэ хамт олон дотроос 4 эмч төрсөн.Олон бизнес эрхлэгчид ажилладаг.

5.1992 оны 10ё ангийн хамт олон. Эд нартай нэг жил ажиллаад заах аргын нэгдлийн ажил хийх болж Ш.Отгонжав багш төгсгөж байсан. Ангийн дарга нь Нарангэрэл. Манай энэ дарга чинь сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга байсан. Урлаг уран сайхны ажлаар яваад алга болчихдог бөөн идэвх. Наранжаргал, Үзмээ гээд дориун хэдэн охидтой, Энхамгалан, Алтай, Жанчив, Батдэлгэр, Отгоо гээд маш сайхан даруухан баньд нартай анги байлаа.

6.1994-1996 оны 8а анги. Шарга сумын 8 жилийн сургуульд 6 жил ажилласан. Энэ хугацаанд 2 ангитай ажилласан. Анх очоод 6а ангийг дааж авсан. Ангийн дарга Г.Нямгарав. Эцэг эх сурагчдын дунд олон төрлийн ажил явуулдаг байсан. Бат-Очир, Нямгарав, Түмэнбаяр, Мөнхжаргал гээд сайн сурагчид байсан. Төгсөлт их сайхан болж, сургуульдаа том гэгчийн цэцгийн ваар бэлэглэж байсан. Хойд гол дээр тэмцээн явуулж, ноцолдсоор байгаад 2 хүүхдийн хувцасыг урчихаж билээ.

7 .2001 оны 10е ангийнхан. Хөдөөнөөс шилжиж ирээд авч нэг жил ажилласан анги. Спорт л мэддэг ангидаа. Сурах тал дээрээ алтан гуравнууд. Ангийн дарга нь Уртнасан. Нэг хэсэг нь их нуруулаг, нэг хэсэг нь хөөрхөн жаахан хүүхдүүд байсан. Ганцхан жил ч гэсэн нилээд дотно болж төгссөн. Хүн чанараар чулуу шиг Бат-Эрдэнэ, Наранбаабаа, Амараа, Мөнхбаатар Нямжав, Эрка, Оргил гэдэг баньд нар байсан. Гэм нь архинд жаахан дуртай. Хонхныхоо баярыг тэмдэглэж чадаагүй юм шүү дээ. Энэ оны спортын тэмцээнд гайхуулж байсан. Самбуу гэж нэг сайхан дуулдаг баньд байлаа.

8.2002-2005 оны 8а анги. Монгол хэлний улсын олимпиадад 1-р байр эзэлж байсан. Маш сайн анги байсан. Анударь, Анужин, 2  Батбаяр, Шаагаа, Алтка, Эрдэнэбаяр, Бэрцэцэг, Хосоо, гээд их олон сайн сурагчтай анги байсан. Миний паспорт аянаар 3 жил дараалан Алтан өргөмжлөл хүртэж байсан. Англи хэлний чадвартай сурагч олон байсан учраас одоо гадаадын их дээд сургуульд олон хүүхэд сурч байна. Хүндэт самбарт зургаа тавиулж байсан.

9.2006-2007 оны Багш сонгоны анги. Багш бэлтгэх зорилгоор байгуулсан энэ ангид багш болж ажиллана гэсэн гэрээтэй 22 сурагч байсан. Их авьяаслаг. бүтээлч нийтэч хамт олон байсан. Бүжигчин сурагч Даваажаргал цэнгээнт бүжгийн хамтлагаараа гайхуулдаг байлаа. Морин хуурч хөвгүүн Ганаа морин хуураар уярааж өгдөг байсан. Ангийн дарга нь М.Алтаншагай. Миний хамгийн хайртай сурагч. Манай сургуулийн хэмжээнд магтагддаг байсан ангийн дарга даа. Олон багш нар Шагайг дурсан ярьдаг. Хамгийн их дурсамжтай анги. Ангидаа ирж өөрсдийнхөө дурсамжийг үзээрэй.

10.2008-2009 оны11ё анги. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги. Болдоо, Хонгороо, Пүүжээ, Ариука, Лхамаа,Оюука ,Баясаа гээд сайн сурагч олон байсан. Хуваарь авахад энэ анги мөн ч гайхуулсан даа. МУИС-д 7, ТИС-д 13, СЭЗДС-д Лхамаа гэх мэт гангарч өгсөн. Даривын 2, Шаргын 2-той их хөөцөлдөж байсан. Хүндэт самбарт зургаа тавиулж байлаа.

11.2010-11 оны11в анги. Сургуулийн 70 жилийн ойн жагсаал. Баянтооройд чацаргана түүсэн, Уран хөдөлгөөнт гимнастикт түрүүлсэн, Ээж ууланд аялсан гээд олон сайхан үйл явдалд оролцсон анги. Анх-Эрдэнэ, Бадамгарав, Алтанцэцэг, Бямбашүр, Орхон гээд гайгүй суралцдаг хүүхдүүд байсан. Нэг их залхуу ажлаас хойш суудаг.  Анги цэвэрлэгээнд ирдэггүй хэдэн баньд нар байв. Багшаараа ангиа цэвэрлүүлдэг байсан гавьяатай анги даа. Ангийн дарга А.Санчирмаа.Их гомдолтой төгсгөсөн анги.Ойлгое гэж бодсон ч сэтгэлээс хол,зарим хүнд дэндүү долигнож чаддаг,эцэг эхдээ очиж их юм ярьдаг тэдний санаанд би таардаггүй миний санаанд тэд багтадгүй ийм л нэг анги байсан. Ангиа өгье гэсэн өргөдөл өгч миний анги даадаг ажил үүгээр дууслаа.

. Найздаа илгээх